Monday, July 29, 2013

Ender's Game номны үнэлгээ (Эндэрийн тоглоом)

"Нэг Game Over ч билүү сонин нэртэй зохиол байсан юу билээ?"

НОМНЫ НЭР: Ender's Game
ЗОХИОЛЧ: Orson Scott Card
ЮУ ГАРДАГИЙН?: Ойрын ирээдүйд хүн төрөлхтөн од хоорондын аялал хийх технологитой болж харь оддын системүүд рүү хөлөг явуулж байгаад Формикс гэдэг шавж шиг харь гарагийн амьтадтай тааралдаж тэдэнтэй дайтаж эхэлнэ. Энэ дайнд оролцохоор Эндэр Уиггинс гэдэг гоц ухаантай хүү 6 настайгаасаа авахуулаад цэргийн сургуульд бэлтгэгдэнэ.
ТЛВЧХОНДОО: Тусгай Салаа ОАК (гэхдээ дүрүүд нь жаахан хүүхдүүд) + Starship Troopers

Би их бүдэг бадаг дүрсэлж байна шүү, за?
ТААЛАГДСАН ДҮР:
  1. "Ender" хочит Andrew Wiggins. Энэ дүр шиг зохиолын явцад илт хөгжиж, сул дорой өөртөө итгэлгүй хүүхдээс гоц авъяаст цэргийн өндөр албан тушаалтан болдог дүрийг өмнө нь уншиж байгаагүй юм байна. Түүнд гаднаас ирэх шахалт их байхын хирээр тэр янз янзын сонголт хийж, зан характер нь тэр сонголтынхоо хэвэнд цутгагдан үүсдэг. 
  2. Мөн түүний ах Peter, эгч Valentine хоёр цааш нь хөгжих их "потенциал"-тай нь харагдсан. Петр бол үнэн садист гар. Харин Валентин өрөвчхөн, гэхдээ тэр хоёр бас гоц ухаантай. Тэр хоёр интернэт ертөнцөд блог, твиттер шиг юм хөтлөх маягаар Locke, Demosthenes гэдэг бас нэгэн дүр бүтээдэг. Тэр дүрний юу хэлж ярьж байгааг нь уг нь бичсэн бол их гоё болох байсан ч тэгээгүй. Гэхдээ тэдний юунд хүрдэгийг нь үзүүлсэн байдаг. Тэр нь бүр гайхмаар. Энэ ном цаашаа олон ангитай, тэнд л тэр хоёрын талаар сайн гарах биз.
    1. Locke (Локи) бол хүн төрөхөөсөө зөв бурууг ялгаж мэддэггүй, өсөх явцдаа туршлага хуримтлуулах замаар өөрөө өөрийгөө бүтээдэг гэдгийг гаргасан философич
    2. Demosthenes (Демостени) бол эртний грекийн уран илтгэгч, улс төрч байсан юм байна.

ӨНГӨ АЯС: 
Жаахан хүүхдүүд гардаг болохоор нь хүмүүс "хүүхдийн ном" гэж туйлширч магадгүй. Энэ номонд давтагддаг гол санаанууд цэргийн алба, хувийн сахилга бат, удирдах албан тушаалд ажиллаж дээд доодох хүмүүстэйгээ харьцах, сургууль, ажлын газарт фракц болж хуваагдах зэргийн талаар сонирхолтойгоор үзүүлдэг. 300-гаад хуудастай ч ер нь бараг уйдахгүй. Нэг мэдэхэд л дуусна.

ТААЛАГДСАН ИШЛЭЛ:
  1. “There is no teacher but the enemy. No one but the enemy will tell you what the enemy is going to do. No one but the enemy will ever teach you how to destroy and conquer. Only the enemy shows you where you are weak. Only the enemy tells you where he is strong.” -Mazer Rackham
  2. "Everyone thinks Hitler got to power because of his armies, because they were willing to kill, and that's partly true, because in the real world power is always built on the threat of death and dishonor. But mostly he got to power on words, on the right words at the right time." -- Peter
  3. “Humanity does not ask us to be happy. It merely asks us to be brilliant on its behalf. Survival first, then happiness as we can manage it.” -Mazer Rackham
СУРГАМЖ:
  1. Одоогийн байдлаар сайн улс төрч нар Логос (логиктой ярих), Этос (худал бүлтрэх хүн биш гэсэн баталгаа), Патос (сэтгэл хөдөлгөх) гэсэн реторикийн аргаар уран илтгэл хийдэг бол интернэтийн шинэ эрин үед логос, патос-ийг ашиглан этос-ийг олж авахад амар болж байгаа юм байна.
  2. Бусад хүмүүсээс зөвшөөрөл эрэлгүй чадвараа сайжруулаад өөрийн багаа бүрдүүлээд шаргуу ажиллавал олон нийт аяндаа чиний талд ороод ирнэ.
  3. Warcraft Dota, Counter-Strike зэрэг багаар тоглодог тоглоомноос бизнес, улс төр, дайнд ч хэрэглэж болох тактик, багаар ажиллах туршлага олж магадгүй (Үгүй ч байж магад, гэхдээ лав сайхан сайхан хараалын үг бол сурнаа).
АМЖИЛТ:
"Эндэрийн тоглоом" ном нь 1985 онд бичигдсэн бөгөөд тус оныхоо Hugo, Nebula-гийн шагналыг авч байжээ. Энэ бол уран зөгнөлт зохиолын маш том шагналууд бөгөөд хоёуланг нь авна гэдэг бас л их сүр шүү. Энэ номыг АНУ-ын Орчин үеийн 100 зохиолын жагсаалтны 59-д орсон бөгөөд АНУ-ын Номын сангийн холбооноос "Өсвөр насны хүүхдэд уншуулах 100 номны жагсаалт"-нд орсон байна. Бас АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын энэ номыг доод түвшний нилээн олон албан тушаалтанд унших номны жагсаалтанд оруулжээ. Мөн мэдээж энэ номоор сэдэвлэсэн УСК хийгдэж байгаа. Тэгэхээр нэг бол Интерном Эндэрийн тоглоом гэсэн орчуулгыг нь гаргах байх. Тэгээд дараа нь киног нь үзэх хэрэгтэй.



УНШЪЯ: Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх линкэн дээр дарж аваарай.

Ender's Game (Ender, Book 1) (The Ender Quintet)

За та нар юу гэж бодож байна? Миний бичсэнтэй санал нийлж байна уу? Энэ номыг уншмаар байна уу? Уншсан уу? Өөр гоё номны үнэлгээ, гоё ишлэлүүдээс уншъя гэвэл энэ блогийг FacebookTwitter дээр дагаарай.