Monday, June 16, 2014

I Am Legend номны үнэлгээ (Би бол домог)

"-I Am legend!" "-Энэ Бушхүү гуай өөрийнхөө киног үзчихээд их онгирдог болчихжээ."
НОМНЫ НЭР: I Am Legend буюу Би бол домог

ЗОХИОЛЧ:
Richard Matheson

ТОВЧХОНДОО:
Робинсон Крузогийн адал явдал + Twilight + Хачико нохойны үлгэр

Гүй ээ, гэхдээ гоё оо.
ЮУ ГАРДАГИЙН? Киноноосоо шал өөр. Дэлхий даяар нэгэн аюулт өвчин тархсан ба эл өвчний дархлаатай ганцхан хүн нь Роберт Невиллэ. Гэхдээ тэр өвчнөөр өвдсөн бусад хүмүүс үхсэн гэсэн үг биш -- тэд ороолонгууд болон хувирна. Роберт шөнөдөө тэднээс өөрийгөө хамгаалж, өдөр нь тэдний цээжинд гадас зоодог хүн болно. Гэтэл нэг өдөр...



ӨНГӨ АЯС: Ганцаардсан хүний хүсэл, хясал, эргэцүүлэл, үйлдлийг гурав дугаар төлөөний биеээр бичиж харуулсан байна. Гэхдээ үйл явдал дажгүй хурдан өрнөнө. Ер нь бусад номноос илүү богинохон зохиол юм байна.

ТААЛАГДСАН ДҮР: Бэн Кортман - Ороолонгууд (вампир) дандаа лаг супер хүчтэй, үхэшгүй мөнх, гэсэн стереотипийг эвдэн, зарим нь бас яншиа, тэнэг байдаг гэдгийг бахархалтайгаар үзүүлснийх нь төлөө. Мөн дөрвөн хөлтэй хүний үнэнч анд болох модон ширээ... Тэр ширээгүйгээр яаж манай Роберт хоол унд идэж, ном унших байсан болоо?

ТААЛАГДСАН ИШЛЭЛ:

1. Robert Neville was in his hothouse collecting a basketful of garlic. In the beginning it had made him sick to smell garlic in such quantity his stomach had been in a state of constant turmoil. Now the smell was in his house and in his clothes, and sometimes he thought it was even in his flesh.
2. Morning sunlight filtered through the dusty windows and he saw motes floating gently on the current of its beams.
3. "Come out, Neville," Robert Neville muttered, and Cortman echoed the words in a loud cry. Neville stood there motionless, looking at Ben Cortman. 
 
СУРГАМЖ:

Энэ номыг 1954 онд бичсэн болохоор одооны уншигчдад ороолонгууд нь жаахан сулбагар санагдаж магад. (Тийм болохоор Twilight-тай адилхан гэсэн юм.) Гэхдээ миний ойлгосноор цаад санаа нь тэр олон хүмүүс үхээгүй, зүгээр л өөр төрлийн хүмүүс болчихсон байсан, тэд амьдрах эрхтэй, харин Роберт Дракулаг уншсан болохоор өөрийн төсөөллөөр тэднийг ад чөтгөр гээд өдрөөр явж алаад байгаа нь буруу болж таарсан.

Угаасаа цонхийсон цагаан царайтай ч гэсэн хэл яриа, бие хаа нь зүгээр, бодож сэтгээд байгаа хүмүүсийг ямар алалтай биш. (За яахав, Роберт руу дайрдаг нь дайрдаг л даа.)

Энэ бол өөрөөсөө өөр өнгө зүстэй, өөр соёлтой (цусан хоолтон битгий хэл дан өвс идээд явдаг хүмүүс байна цаана чинь) хүмүүсийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн санааг агуулсан байж болно шүү дээ.

Даанч сүүлийн үеийн I Am Legend-ээс сэдэвлэсэн зомбитой, вампиртай кинонууд нь арай өөр, ганцаараа байж, хүн амьтан руу буудах шалтаг өгсөн чиглэл рүү явсан санагдсан.

ЗОХИОЛЧЫН ТУХАЙ: Анх "Born of a Man and a Woman" өгүүллэгээр Ричард Матесоны бүтээлтэй танилцаж байлаа. Сэтгэл сэрдхийлгэм санагдсан шүү. Энэ зохиолч аймшгийн болон уран зөгнөлт жанраар мэргэшсэн ба Twilight Zone гээд сериалын хэд хэдэн ангийн зохиолыг бичиж байжээ. (Орчин үеийн Твайлайт биш шүү.) Стивен Кинг Ричард Матесоны зохиолуудад дуртай гэж бичиж байсныг мэдэх юм байна.

АМЖИЛТ: Энэ зохиол ертөнцийн төгсгөлийн дараах үйл явдал (post-apocalyptic) гэсэн дэд жанрыг бараг үндэслэсэн гэдэг юм билээ. Гурван ч удаа кино сэдэвлэн хийсний хамгийн сүүлийн хувилбар болох Will Smith ийн тоглодог хувийг нь та бид илүү сайн мэдэх бизээ.

ҮНЭЛГЭЭ:  Домогт ном болохоор нь 5-аас 4.3 оноо өгье дөө.

БИ УНШЪЯ: Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж аваарай.

I Am Legend


Born of a Man and a Woman - Энэ хоёрхон хуудас богино өгүүллэг ҮНЭГҮЙ байна.

За та нар юу гэж бодож байна? Миний бичсэнтэй санал нийлж байна уу? Энэ номыг уншмаар байна уу? Уншсан уу? Өөр гоё номны үнэлгээ, гоё ишлэлүүдээс уншъя гэвэл энэ блогийг Facebook, Twitter дээр дагаарай.