Monday, September 9, 2013

How to Lie with Statistics номны үнэлгээ (Яаж статистик ашиглан худлаа хэлэх вэ)

Судалгаагаар MGLBOOKCLUB.COM-д 5,000 уншигч долоо хоног бүр ханддаг нь тогтоогджээ.

НОМНЫ НЭР: How to Lie with Statistics (Яаж статистик ашиглан худлаа хэлэх вэ?)
ЗОХИОЛЧ: Darrel Huff (Дэррэл Хафф)
ТОВЧХОНДОО: "Ханхүү" ном (гэхдээ Маххиавелли математикийн багш байсан бол)

ЮУ ГАРДАГИЙН? 
Дэррэл Хафф гэдэг зохиолч, статистикийн багш хүн статистикийн бүх төрлөөс гарч болох алдааг үзүүлж, реклам, сонин, сэтгүүл, телевиз, улс төрчдийн яриа, мэтгэлцээний аргумент гэх мэт хүмүүсийг ятгах гэсэн зорилготой мэдээллүүдэд дүн шинжилгээ хийж, санаандгүй болон (ихэнхдээ) санаатай гаргадаг худлаа бурсан зүйлүүдийг жишээ мишээтэй нь нэвт шувт, нилээн хөгжилтэйгөөр тайлбарлана.

Inc.com дээр энэ номыг Антрпренёр болгон унших хэрэгтэй нүд нээх 10 номын жагсаалтанд оруулсан байсан. Тэнд бичсэнээр бол энэ номыг уншаад хүмүүс "судалгаагаар" гэдэг үгийг уншаад автоматаар итгэхээ болихоос (бид дандаа л тэгдэг шдээ) гадна хувийн ажилдаа статистик ашиглан хүмүүсийг ятгахад хэрэглэж болох юм (мухахахаха). Статистикийн салбарт ажилладаг миний хувьд энэ ном их сонирхолтой санагдсан (мухахахаха), гэхдээ энэ ном 1954 онд гарсан болохоор одооны манайхны статистикийн арга арай гайгүй болсон юм шиг байна.

.... үгүй ч юм уу.
ӨНГӨ АЯС: Хөгжилтэй, энгийнээр тайлбарласан. Дээрээс нь хошин зурагнууд жишээ болгож үзүүлсэн нь их ойлгомжтой болгож өгсөн.

CУРГАМЖ:
За, Киндл маань эвдрээд одоо номоо гар утсан дээр уншдаг болсон тул таалагдсан ишлэлээ шууд тэмдэглэж чадахгүй, өөр програм дээр тэмдэглээд байгаа юм. Тэгэхээр шууд нэг бүрчлэн иш татахгүй, өөрийнхөө ойлгосноор, сургамж бүлэгт оруулж байна.

Сайн дурын судалгааны асуулттай санал нийлээгүй учир хариулаагүй хүмүүс их бий.
Нэг алдартай сонин АНУ даяар сүмүүдээс сайн дурын судалгаа авахаар шуудангаар санал асуулга явуулжээ. Тэгээд хариугаа бичихдээ "Манай санал асуулганд хариулсан хүмүүсээс 80% нь тийм гэсэн хариу өгсөн" гэсэн юм бичиж. Гэтэл тэр санал асуулгыг 2500 гаруй сүмд явуулснаас 34% нь бөглөөд буцаасан байгаа юм. Ийм тохиолдолд энэ судалгааны үр дүн шал худлаа болно. Учир нь үгүй гэж хариулах хүн байвал тэр асуулгыг нь бөглөхгүй байхад л хангалттай. Тэгээд ч ихэнх нь бөглөөгүй юм шиг байгаа юм.

Түүвэрлэлт бага бол судалгаа статистикийн хувьд хүчингүй болдог.
20-р зууны эхэн үед АНУ полио гэдэг өвчний эсрэг вакцин боловсруулж байжээ. Тэгээд нэг вакцины загвараа туршиж үзээд болж байна гэж үзээд нэвтрүүлсэн чинь нөгөө вакцин нь полиогоос сайн хамгаалахгүй бөөн хохирол учруулж гэнэ. Тэгээд яав, юу болов гээд судалсан чинь, тэр вакциныг 450 хүүхдэд туршаад, хяналтын бүлэг гэж 600 хүүхдэд тариад хооронд нь харьцуулжээ. Гэтэл энэнээс 15-40 дахин их хүн энэ туршилтанд оруулах ёстой байсан юм байна. Хүн амаас түүвэрлэж авсан жишээ нь бага байсан тул гаргасан судалгаа нь олон нийтийг төлөөлөх хэмжээнд хүрж чадаагүй ажээ.

Дундаж гэдэг үзүүлэлт, үнэндээ байхгүй, ард нь хэт их, хэт бага тоо нуугдаж байдаг. 
Барилгын нэг компани АНУ-ын нэгэн хотод гэр бүлийнхний хэмжээний талаар судалгаа хийгээд дундаж гэр бүлийн гишүүний тоо 3-4 юм байна гэж үзжээ. Тэгээд тэд баахан 3-4 өрөөтэй байр барьсан байна. Гэтэл амьдрал дээр ихэнх гэр бүл 6-аас 8 гишүүнтэй, эсвэл зүгээр л хосууд байжээ. Тэд дундаж айлд гээд л бариад байсан чинь түүнээс их болон бага тоотой хүмүүсийг орхигдуулаад байжээ.

Дундаж гэдэг бол нормаль, хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг биш.
Кинсэйгийн тайлан гэж нэг айхтар тайлан байдгийг социологи үзсэн хүмүүс гадарлана. Түүний өсвөр насныхны дунд бэлгийн ийм, ийм явдал дундаж үзүүлэлттэй гарч байна гэснийг нь хүмүүс энэ бол байдаг л зүйл гэж ойлгоод байна гэж том шуугиан дэгдэж байжээ. Мэдээж УБ хотын 60% нь архи тогтмол хэрэглэдэг, 80% нь сард нэг хэрэглэдэг, дундаж Монгол хүн долоо хоногт 3 хундага тогтоодог байна гэж хэлбэл (шууд зохиож бичиж байгаа шүү) хүмүүс шууд л энэ бол байх л зүйл гэж үзэх бий.

Статистикийн зурганд учир бий.
Тайлан, тэнцэл харахаар ихэнх хүн ойлгодоггүй тул тоо дангаараа хүний оюун ухаанд сайн хүрдэггүй гэнэ. Ийм болохоор хүнийг ятгая гэж бодвол график зургаар илэрхийл гэнээ. Үүнийг овжиноор ашигласан реклам, сонин сэтгүүл ч бий гэнэ. Хафф үүнийг тайлбарлахдаа Англи болон Ротунд (зохиомол газар) хүний цалинг зургаар үзүүлж тайлбарлажээ. Англи хүний цалин Ротунд хүнээс 2 дахин их байлаа гэж бичивч, зурган дээрээ (хүүдийтэй мөнгөөр дүрсэлсэн) Англи хүний цалинг Ротундынхаас 4 дахин том болгоод зурчихаж байгаа юм. Тэгэхээр хэдий уншигч 2 дахин гэж уншсан ч 4 дахин гэсэн нүдэн баримжааг зургаар авч, үлдэнэ гэнээ. Энэ аргыг компаний тайланд хэд хэд хэрэглэснийг Хафф дурьдсан байсан.

Улаан дөрвөлжинг таслаж үзүүлээд л "Ам.долларын үнэ тогтворжлоо" гэх мэт.

Рекламан дээр гардаг статистикууд бараг бүгдээрээ шал худлаа.
За энэ тал дээр өчнөөн жишээ дурьдсан тул энэ талаар суръя гэвэл номоо сайн уншаарай.

УНШЪЯ: Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж аваарай. ҮНЭГҮЙ ЮМ БАЙНА ШҮҮ!

How To Lie With Statistics

За та нар юу гэж бодож байна? Миний бичсэнтэй санал нийлж байна уу? Энэ номыг уншмаар байна уу? Уншсан уу? Өөр гоё номны үнэлгээ, гоё ишлэлүүдээс уншъя гэвэл энэ блогийг FacebookTwitter дээр дагаарай.