Sunday, April 8, 2012

Fight Club номны үнэлгээ (Зодооны клуб)

"Зодооны клубын гуч дугаар дүрэм. Энэ номыг уншиж байхдаа хоол идэж болохгүй. УӨЙГГО..."
НОМНЫ НЭР: Fight Club (Зодооны клуб)
ЗОХИОЛЧ: Chuck Palahniuk
ТОВЧХОНДОО: Catch-22 + The Sixth Sense

ЮУ ГАРДАГИЙН? Нэг даатгалын компанид ажилладаг эр нойргүйдэлтэй тэмцэж ядахдаа эдгэшгүй өвчтэй хүмүүсийн уулзалтын групээр дамжиж эхэлнэ. Ийм уулзалтан дээр ирээд мань эр сэтгэлээ гартал уйлдаг байж л дээ. Гэтэл энэ үед Marla Singer гэдэг эмэгтэй түүнтэй их тааралдаж, тэрний хажууд уйлах гэхээр ерөөсөө болж өгдөггүй. Дараа нь Tyler Durden гэдэг энд тэнд цагийн ажил хийдэг залуутай танилцана. Өгүүлэгч эрийн гэр гэнэт шатсан тул тэр Tyler-ийнд амьдарч эхлэх ба нэг удаа сонирхлын журмаар зодолдсоноор Зодооны клуб үүсгэн байгуулагдаж, маш олон залуучууд тэдэнтэй нэгддэг. Сүүлдээ клубууд Америк даяар тархаж, Project Mayhem гэсэн хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулдаг бүлэг болно. Одоо гол дүрийн залуу Marla-тай нийлж, Project Mayhem, Tyler Durden-ийг зогсоох хэрэгтэй болно.
Юуны өмнө энэ номны зохиолч нь гей хүн, номонд гардаг өгүүлэгч Tyler Durden-ийг нилээн ... эротик талаас нь дүрсэлдэг. Ёоох за би хэлчлээ. Ийм юм гарна гэж бодоогүй байсан болохоор зарим хэсгийг нь уншихад жаахан эвгүй байсан. (Тэмдэглэл: ЛГБТ-чүүд бол бидэнтэй адилхан хүмүүс бөгөөд нийгэмд ялгаварлагдан гадуурхагдах учиргүй гэдэгт би итгэдэг.)

Мэдээж энэ номны хамгийн чухал хэсэг бол дунд давхаргын хүмүүс консумеризмын дунд амьдарч байна гэсэн санаа. Консумеризм гэж юу вэ? Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг их хэмжээгээр худалдан авах, хэрэглэхийг дандаа сайшаадаг, үйлдвэрлэл байдаггүй нийгэм. Азаар Монголд баян ядуугийн ялгаа өндөр болохоор дунд давхарга дөнгөж үүсч байгаа, худалдан авах чадвар бага хэвээрээ. За тэр ч яахав.

Би энэ номыг уншихаас өмнө киног нь үзээд их таалагдсан байсан болохоор дараа нь ном нь олдохоор нь уншихаар шийдсэн юм. (2011 оны 11 сар хавьцаа уншсан байхаа) Энэ номыг уншиж дууссаны дараа дахиад киног нь үзсэн юм байна. Кино нь угаасаа үнэн гоё л доо. Ном нь харин кинон дээр гараагүй янз янзын мэдээлэлтэй, өвөрмөц өнгө аястай тул уншаад үзэхэд гэмгүй.

ӨНГӨ АЯС: Зохиолыг 1 дүгээр бие дээр, in medias res хэлбэрээр бичсэн болохоор үйл явдлын дунд үеээс өгүүлэгч зохиолыг бичиж эхлэх ба хүүрнэл нь шизофрентэй ч юм шиг, занаад байгаа ч юм шиг найруулгатай гэсэн үг. (Өгүүлбэрээ заримдаа давтах, эсвэл өгүүлж байгаа зүйлийнхээ сэдвийг өөрчлөх г.м.) Гэхдээ энэ номонд (дараа нь хэрэгт орох магадлалтай зүйлийн талаар бичсэн тул курсороор идэвхжүүлэхээс өмнө сайн бодно уу) тэсрэх бодис, галт бөмбөлөг гэрийн аргаар хийх, хүний хоол руу шээс, үрийн шингэн хийх гэх зэрэг гэмт хэргийн сэдэлтэй зүйлүүдийг дэлгэрэнгүй бичсэн байдаг. Ер нь нэг талаас энэ ном бол террорист юмуу улаан хувьсгалч нарт зориулсан гарын авлага юм. (Тэмдэглэл: Иргэд санаа бодлоо тайван замаар, хүчирхийлэлгүйгээр илэрхийлж болно гэдэгт би итгэдэг) Гэхдээ л хамгийн гоё нь Tyler-ийн амьдралын талаар хэлсэн зүйлс. Ер нь хэрэгтэйг нь аваад, хэрэггүйг нь хаях л хэрэгтэй.

ТААЛАГДСАН ДҮР: Tyler Durden-ий философилог яриа нь гоё ч гэсэн (киног нь үзсэн бол дараах хэсгийг курсороороо идэвхжүүл) гэмгүй хүмүүсийн хоол руу шээж, Marla-гийн ээжийг хороож, биенийх нь өөхийг нь авдаг хэсэг нь үнэн хэрцгий. Project Mayhem-ийн үйл ажиллагаа идэвхжих үед Tyler сэтгэцийн өвчтэй гэдэг нь бараг илт болчихсон байдаг. Харин кинон дээр өгүүлэгч залуутай их ойр дотно санагдаж байсан ч номон дээр тувтан Tyler-ийн тухай сонин дүрслэл хийгээстэй байдаг. Marla Singer уг нь өгүүлэгчтэй дотносоод гайгүй болж эхэлдэг. Гэхдээ л сэтгэлийн гүн гутралтай, өөрийгөө егүүтгэх гээд байдаг нь жаахан тийм. За байз, тэгэхлээр энэ зохиол дээр таалагдсан дүр ..... гэдгийг алгасая.

ТААЛАГДСАН ИШЛЭЛ: 
  1. “You are not special. You're not a beautiful and unique snowflake. You're the same decaying organic matter as everything else. We're all part of the same compost heap. We're all singing, all dancing crap of the world.”
  2. “Only after disaster can we be resurrected. It's only after you've lost everything that you're free to do anything. Nothing is static, everything is evolving, everything is falling apart.”
  3. “We've all been raised on television to believe that one day we'd all be millionaires, and movie gods, and rock stars. But we won't. And we're slowly learning that fact. And we're very, very pissed off.”
  4. “You buy furniture. You tell yourself, this is the last sofa I will ever need in my life. Buy the sofa, then for a couple years you're satisfied that no matter what goes wrong, at least you've got your sofa issue handled. Then the right set of dishes. Then the perfect bed. The drapes. The rug. Then you're trapped in your lovely nest, and the things you used to own, now they own you.” 
СУРГАМЖ: 
  1. Ямар ч тохиолдолд, хичнээн уур чинь хүрч байсан ч хоолны газрын зөөгч нартай эелдэг харьцаж бай. Тэд чиний захиалсан хоолыг яавал яах эрхтэй... Яавал ч яах... Сайн бод доо. 
  2. (Эрчүүдэд) Тансаг хээнцэр хувцас, эд бараа худалдан авч бие биентэйгээ өрсөлдөх нь ухвар шийдвэр байх талтай тул өөр арай өргөн хүрээний зүйлд анхаарлаа хандуул. Харин бүсгүйчүүд минь гангараад байгаарай, та нарт зохидог шүү.

АМЖИЛТ: Fight Club 1995 онд гарсан ба 1997 онд Pacific Northwest Booksellers Association Award, Oregon Book Award for Best Novel гэсэн хоёр шагнал авсан. 1999 онд зохиолоос сэдэвлэн уран сайхны кино хийсэн нь оскар, MTV, BRIT гээд олон наадмаас шагнал авсан.



УНШЪЯ: Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж худалдаж аваарай. Над шиг Киндл дээр уншихыг хүсвэл Kindle edition дээр нь дараарай. $2.99-ын үнэтэй юм байна.




За та нар юу гэж бодож байна? Миний бичсэнтэй санал нийлж байна уу? Энэ номыг уншмаар байна уу? Уншсан уу? Өөр гоё номны үнэлгээ, гоё ишлэлүүдээс уншъя гэвэл энэ блогийг FacebookTwitter дээр дагаарай.