Monday, August 5, 2013

Genghis Khan and Making of Modern World номны үнэлгээ

Хэдхэн жилийн дотор Монгол Улсын рейтингийг дэлхий дахинд 50 дахин өсгөсөн, тэр юу вэ?
НОМНЫ НЭР: Чингис хаан ба Орчин үеийг үүсгэн байгуулалт
ЗОХИОЛЧ: Жэк Уэтэрфорд

ЮУ ГАРДАГИЙН?
Мартсанаас надад Жэк Уэтэрфорд гуайтай зургаа авахуулах ховор тохиол гарч байсан юм байна. Кафе Амстердамд мань хүн номныхоо тухай ирж лекц уншихад тэнд байсан нилээн олон залуучууд босч асуулт асуухдаа "Таны номыг уншсан нь миний Монголд ирэх нэг шалтгаан байсан--" гэж байсан нь гоё санагдаж байсан. Би тэр үед номыг нь уншаагүй ч сэтгэлд их гоё сэтгэгдэлтэй үлдэж билээ. Саяхан энэ номыг авч уншихад урам лав хугарсангүй шүү.
Редактор: Ийм том хүний хажууд чиний царайг харахаар онцгүй болохоор нь блогныхоо логог тавьчихлаа.
Уэтэрфорд гуайн ном эхнээсээ Монгол улс, тэр дундаа Чингис хааны тухай Барууны орнуудад буруу ойлголт байдгийг дурьдаад, түүнийг халах, Чингис хааны түүхэнд үлдээсэн ул мөр, нөлөөллийн талаар нарийн судалсан мэдээллүүдийг аргумент маягаар тавьж эхэлнэ.

Номны 3-ны нэг нь Монголын нууц товчооны талаар байсан ч Нууц товчоог багадаа бүрэн ойлголгүй уншдаг байсныг их ойлгомжтой болгон бичсэнээс гадна хүмүүсийн харилцаа, хэлсэн үгний цаад утга зэргийг тайлбарлан бичсэн нь Нууц товчоог их өөр өнцгөөр харахад тус болно.

Гэхдээ Монголчууд бидэнд хамгийн их сонирхолтой санагдаж магадгүй зүйл бол Монголын дайралтын талаарх гадаад улсуудын тэмдэглэл, түүхэн эх сурвалж юм. Монголын эзэнт гүрэн маш олон улстай дипломат болон дипломат бус харилцаа эхлүүлж, эзэлсэн хот, сууриндаа шинэ дүрэм тогтоож, тэр өөрчлөлтүүд нь өрнө дорнын хооронд технологийн болон соёлын солилцоо явуулахад хүргэсэн гэсэн санааг номонд оруулж өгсөн нь их сонирхолтой.

Ер нь 17-р зуунаас хойш монголчуудыг мангуу, Дауны синдромтой зүйрлэж, Ази, Европын олон орон одоо хүртэл үзэн яддаг юм байна. (Ер нь Ази, Европд би монгол гэж хэлээд хүмүүс яаж хүлээж авч байсан талаар хуваалцаарай, надад их сонин байна.) Уг нь анх Геоффрэй Чаусэр гээд Английн анхны бичгэн зохиолыг бичсэн хүн Чингис хааныг их магтаж байжээ. Гэтэл сүүл рүүгээ түрэгийн Доголон төмөр хааны үеэс манайхан PR-аа алдаж эхэлжээ.

Мөн монголчуудын дайралтын арга сэтгэлзүйн айдасд тулгуурласан, эзэлсэн хотынхоо угсаатнуудыг нь алаад, нарийн мэргэжилтнүүд (дархан, оёдолчин, мужаан зэрэг)-ийг нь боол буюу зарц болгоод авч явж байсан гэсэн нь их гоё санагдсан.

Эцэст нь хэлэхэд Монголчуудын хээ шаагүй, шашин шүтлэгээр ялгаварладаггүй, эзэнт гүрэн удирдах том туршилтыг 100-аад жил явуулсны авууштай талуудыг нь сонгож, дэлхий дахинд Монгол улсыг сайн талаар нь харуулж өгсөн ноён Жэк Уэтэрфордод баярлалаа. Би түүний хоёр дахь ном Монгол хатдын нууц товчоог эхлүүлээд орхисон. Детектив зохиол шиг их сонирхолтой эхлэж байналээ. Зав гаргаж байгаад уншиж, үнэлнээ.

СУРГАМЖ:
  1. Исламын шашинтай Ойрхи дорнодынхон Монгол цэргийн дайралтанд хамгийн их хохирол амсчээ. Уучлаарай...
  2. Бат хаан Оросыг балбаж байх үед Сүбээдэй Европын амтанд ороод Их хуралдайгаар тийшээ дайрах зарлиг гаргуулсан ч Европд эзэлсэн хотууд ихэнх нь ядуу, дээрээс нь хаан таалал төгссөн тул цэргээ буцаажээ.
  3. Европчууд Hurray гэж хэлдэг нь Монголын Уухай гэдэг үгнээс гаралтай гэнэ. (Уг нь "Хурай" гэдгээс гаралтай л баймаар юм)
  4. Мөн Европчууд өмнө нь Бөгжний эзэн дээр гардаг шиг хувцасладаг байж байгаад Монголчуудаас өмд цамц өмсөхийг сурчээ.
  5. Европчууд хөгжмөө хуруугаараа дуугаргадаг байж байгаад морин хуурнаас санаа авч нумаар дуугаргадаг болж, хийл челло үүссэн бололтой.
За яахав, зарим нь жаахан итгэхэд бэрх, манайд ийм юм ер нь байлуу даа гэж бодмоор. 


Гэхдээ Монголын эзэнт гүрний газар нутаг болгонд нэг бодлого явуулж байсан болохоор тэрийг нь бид өөр газраас Европ руу дамжуулж өгсөн байх. Үүнээс гадна бас Монгол хүн мэдүүштэй мэдээлэл зөндөө байналээ.
  1. Өгөөдэй бор дарсанд их шунаг хүн байв. (Бор дарс: шоколадтай айраг?)
  2. Гүюг хаан Алтан ургийн ихэнх хүмүүсийг өрсөлдөгчөө гээд цаазлуулсан.
  3. Мөнх хаан Алтан ургийнхны тансагладаг байдлыг зогсоож, Гүюгийн үүсгэсэн санхүүгийн хямралыг дарж, 1253 онд Монголын анхны Төв Банкыг байгуулжээ.
  4. Монголчуудын тулааны тактик ихэнхдээ зугтай байгаа дүр үзүүлээд, эвгүй газар аваачиж байгаад дээрээс нь "поль"-дохоос бүрдэж байсан. 
  5. Монгол цэргүүд дандаа морьтойгоо явдаг байсан. Явган болон механик ажиллуулдаг нь харийн олзны хүмүүс байсан.
  6. Хэнтий аймагт Бурхан халдун уулын бэлд Их хориг гэдэг газар байгаа нь Зөвлөлтийн үед Чингисийн онгон байгаа газар гэж яригдаж, их нууцлагдаж байсан байна. Одоо тэр газар Оросын цэргийн баазын үлдэгдэл байдаг юм байна.

АМЖИЛТ:
Жэк Уэтэрфордыг МУ-ын ерөнхийлөгч "Найрамдал" медалиар шагнаж, Чингис хаан ном Нью-Йорк Таймс сонины шилдэг номын жагсаалтыг 2 долоо хоног тэргүүлж байсан юм байна. Аль 2006 онд гаргасан энэ ном нь саяхныг хүртэл нилээн олны анхааралд байсан юм байна. Би гүүгл дээрээс санаандгүй бас Мөн дээр дурьдсанчилан, энэ ном Монгол улсын аялал жуулчлалыг хэд дахин нэмэгдүүлсэн байх.

Хамгийн том амжилт бол одоо энэ номыг АНУ-д ЕБС-ийн сурагч нар уншдаг болсон явдал юм.

УНШЪЯ: Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж аваарай.  

Genghis Khan and the Making of the Modern World

За та нар юу гэж бодож байна? Миний бичсэнтэй санал нийлж байна уу? Энэ номыг уншмаар байна уу? Уншсан уу? Өөр гоё номны үнэлгээ, гоё ишлэлүүдээс уншъя гэвэл энэ блогийг FacebookTwitter дээр дагаарай.