Monday, August 12, 2013

The Foundation номны үнэлгээ (Сан хөмрөг)

Зурганд: Олон улсын төслийн, донорын байгууллагад ажилладаг хүмүүст уншууртай ном
НОМНЫ НЭР: Foundation буюу Сан хөмрөг
ЗОХИОЛЧ: Isaac Asimov
ТОВЧХОНДОО: Галактикийн нууц товчоо + Ухаант туулайн үлгэр + P.S. I Love You (романтик хэсгийг нь эс тооцвол)
ХЭЛ: Англи хэл дээр, гэхдээ Интерномд Монгол хэл дээр орчуулсан нь байналээ.

ЮУ ГАРДАГИЙН? 
Сан хөмрөг бол бүх роботуудын загалмайлсан эцэг гэгддэг Исаак Азимовын хамгийн алдартай цуврал зохиолын нэгдүгээр бүлэг юм. Энэ номонд соёл иргэншил нь унаж байгаа галактикийн эзэнт гүрний мэдлэгийн санг баримтжуулан харанхуйн эрин үеэс аврах гэж байгаа эрдэмтэд, улс төрчид, худалдаачид, тагнуулчдын талаар гарна. (За байз, өөр юу гэж бичвэл энэ номыг хүмүүс их унших бол?)

Дэлхийн 2-р дайны үед бичигдсэн энэ зохиолын одоо ч хоцрогдохгүй байгаа нэг шалтгаан бий: энэ бол психотүүхийн ухаан (psychohistory). Психотүүхийн ухаан гэдэг нь Азимовын зохиосон математик, нийгмийн зан араншин, тухайн үед болж буй үйл явдал зэргийг ашиглан нэг бүлэг хүмүүсийн ирээдүйд гаргах зан ааш, түүнээс үүсэх үйл явдлыг урьдчилан тооцоолох хуурамч шинжлэх ухаан юм.

Ийм шинжлэх ухаан мэдээж жинхэнээсээ одоо хүртэл гараагүй байгаа билээ. (цаг агаараа арай хийж урьдчилан тооцоолж байна)

Гэхдээ энэ номыг уншихад эдийн засгийн ухаан их ойлгомжтой болж эхлэх шиг санагдсан. Угаасаа анх Википедиа дээр элдэв бусын эдийн засгийн онолын талаар уншиж байгаад Пол Кругман гэдэг Нобелийн шагналт эдийн засагч багадаа Сан хөмрөгийг уншиж, том болоод эдийн засагч болохоор шийдсэн гэдгийг харсан. Тэр үед сан хөмрөг гэдэг их л уйтгартай, техник хэллэгтэй ном шиг санагдаж, (киндл ч аваагүй байсан) тэр номыг нь уншъя гэж бодоогүй. Харин хөгжлийн эдийн засаг буюу ядуу улсуудад үзүүлэх донор байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөлт психотүүхийн ухаантай ойролцоо юм шиг санагдаж байна.

Жишээ нь донорууд төсөл эхлүүлэхээсээ өмнө Монгол улсыг ирээдүйд ямар байдалд хүрэх вэ гэж биш, Х жилийн дараа ийм байдалд хүргэх сэн гэж төлөвлөж, аль асуудлыг шийдэх вэ (Constraints Analysis), яаж шийдэх вэ (Due Diligence), хэдэн төгрөгний хөрөнгө оруулж, хэдийн ашиг олох вэ (Cost-Benefit Analysis) зэргийг тооцоолоод буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалт зэргийг оруулдаг. Энэ бол ирээдүйд гарах үр дүнг харах биш бүтээх талаасаа юм уу даа.

ТААЛАГДСАН ДҮР: 
Яагаад ч юм энэ номыг уншихад гол дүрүүд нь аль хэдийн Холливуудад танил болсон жүжигчдээр төсөөлөгдөөд байсан. Хари Селдон гэдэг дүр энэ зохиолд бага гарах боловч том үүрэг гүйцэтгэнэ. Нэрнийх нь сонсогдох хэлбэрээс болоод ч тэр үү, би Хари Селдоныг хөгшин Харрисон Фордоор төсөөлөөд байсан. Буурал үстэй, гадны халдлагад хатуужаад занах маягаар ярьдаг, хөмсгөө зангидаад тооцоотой ярьдаг болохоор ч гэх юм уу.

Гэтэл бас Салвор Хардин гэдэг дүр гараад ирсэн. Энэ дүр эхлээд залуухан эрдэмтдийн байгуулсан хотын залуухан, овсгоотой мэйр маягаар, удалгүй хийдгээ хийчихсэн, хэрсүү хөгшний дүрээр гардаг. Энэний залуу үед нь би дахиад (Оддын дайны Хан Соло) залуухан Харрисон Фордыг төсөөлөөд байсан. Харин хөгшин болсон үеийнх нь яриаг уншсан чинь Английн ерөнхий сайд Винстон Черчилл шиг ч юм шиг. За энэ хоёр л их гоё санагдсан.

ӨНГӨ АЯС: 

Азимовын талаар уншиж байгаад түүнийг элдэв уянгын халилгүй бичдэгтээ шүүмжлүүлж байсан гэдгийг олж мэдлээ. Үнэндээ энэ номонд орчны дүрслэл бага гарах ба зохиолын гол үйл явдлууд хүмүүсийн харилцан яриагаар явагдсанд жаахан урам хугарсан. Тэгэхээр та бүхэн бас уншихдаа адал явдал, дайн тулааны өндөр хүлээлтгүй эхлүүлээрэй.

Жич: Мөн энэ номонд ямар ч харь гарагийнхан гарахгүй. Галактик даяараа хүмүүс.

ТААЛАГДСАН ИШЛЭЛ: 

Энэ номыг уншихдаа таалагдсан ишлэлүүдээ тэмдэглэж байсан ч Киндл маань эвдэрсэн тул нэвтэрч чадахгүй байна. Гэхдээ нэтэд  нэтэд Салвор Хардины эпиграмыг их иш татсан байх юм, тэднийг та бүхэнтэй хуваалцая.
  • "An atom-blaster is a good weapon, but it can point both ways."
  • "It pays to be obvious, especially if you have a reputation for subtlety."
  • "Nothing has to be true, but everything has to sound like it was."
  • "Never let your sense of morals prevent you from doing what is right."
  • "Violence is the last refuge of the incompetent"


ЦААШ НЬ ХЭЛЭЛЦМЭЭР БАЙГАА ЗҮЙЛС: 
а. Азимовын зохиолд гардаг нэг анхаарал татсан зүйл нь цөмийн энергийг зохиолд оруулсан байдал. Учир нь хүн төрөлхтөний энд тэндхийн колониуд ашигт малтмалаас эрчим хүч гаргадаг, цөмийн реактороор эрчим хүч гаргадаг гэж хуваагддаг. Мэдээж ашигт малтмалаас эрчим хүч гаргадаг нь хүй нэгдэл рүүгээ явж байгаа гарагийн технологи. Хараад байхад сүүлийн үед цөмийн энергийг дэмжсэн ном зохиол их харагдах боллоо.

  1. Pacific Rim буюу Номхон далайн ан цав гэдэг кинонд Gypsy Danger гэдэг робот нь ганцаара цахилгаан соронзон судлын дайралтанд унтралгүй үлддэг. Яагаад гээч? Яагаад гэвэл тэр робот нь цээжнийхээ гол хэсэгт цөмийн реакторон хөдөлгүүртэй. Өө тийн, бас тэрийгээ харийн ертөнц рүү илгээгээд дэлбэлчихдэг бөмбөг болдог, их аятайхан.
  2. Cloud Atlas кинон дээр бас Нефтийн компани албаар цөмийн цахилгаан станцны үйлдвэрийг осолд оруулж, цөмийн энергийг аюултай болгож харуулах гэсэн хуйвалдаан гаргасан тухай гардаг.
  3. Баабар гуайн 8-р сарын 5-ны "Монгол орон хөгжих ёсгүй" гэдэг нийтлэл дээр уул уурхай, ашигт малтмалын нөөцөө манайхан зөв үнэ хүргэж зарж чадахгүй байгаа, энэ талаар боловсрол муутай болохоороо хоосон үндсэрхэг үзэл гаргаж аль аль талдаа алдагдалтай хөгжихгүй байгаа гэсэн нийтлэл бичив. Тэр дунд нь бас уран цохиж явна. Манайхан баталгаатай уран олборлогч байгууллагуудад ашиглуулахгүй зарга хийгээд байгаа нь буруу гэнээ.
Энэ талаар миний бодол гэвэл атомын цахилгаан станц, дулааны (нүүрсний) цахилгаан станцыг бодвол хордолт багатай (утаагүй) юм шиг харагдах байх. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчийг дэмжихгүй яагаад байгаа юм бол? Яахав манай удирдлагууд жаахан галзуу юм хийж өөрсдийгөө дэлхийд харуулах гээд байгааг ойлгож байна. Гэхдээ одоо цагт нар, салхины станцийг дэлхий даяар хөгжүүлж, Герман атомын станцаас татгалзаж, Япон шиг хянуур улс хүртэл цөмийн осолд орж, Украйны Чернобил 22,000 онд л аюулгүй болно гэж яригдаж байгаа үед атомын станц бол арай л биш юмаа.
б. Кореллийн бүгд найрамдах улс нь Хойд солонгостой их адилхан санагдсан. Та нар уншсаныхаа дараа надтай санал нийлж байна уу хэлээрэй.

АМЖИЛТ: За жаахан хадуурчихлаа. Сан хөмрөг ном нилээн олон зохиолоор үргэлжилдэг ба энэ зохиол нийтдээ 7 ном энэ сэдвээр бичигджээ. 1966 онд Сан хөмрөгийн гурвал зохиол нь бүх цаг үеийн шилдэг уран зөгнөлт гурвал зохиол гэдэг Хюго-гийн шагнал авч байжээ. Нийтлэлээ нэг мультмедиа холбоосоор чимдэг уламжлалынхаа дагуу Исаак Азимовын ярилцлагыг тавьж байна.


УНШЪЯ: Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж аваарай.

Foundation (Foundation Novels)

Бас BBC энэ цувралыг багцлаад радио жүжиг болгосоныг эндээс ҮНЭГҮЙ татаж аваарай.


За та нар юу гэж бодож байна? Миний бичсэнтэй санал нийлж байна уу? Энэ номыг уншмаар байна уу? Уншсан уу? Өөр гоё номны үнэлгээ, гоё ишлэлүүдээс уншъя гэвэл энэ блогийг FacebookTwitter дээр дагаарай.